Wednesday, May 2, 2012

Ухаант хүү улс төрчидтэй цэцлэсээр байна.

Олигархийн далайн дунд эрх мэдлийн арал хөвж явна.
Шинэ генераци далайг гаталж, аралд хүрэх хамгийн боломжит гүүр нь нэгэнтээ усанд автсан нам болжээ.Олигархийн далай. Харин далайг гатлах гэсээр аажим аажим гүнд шигдэх олон залуусыг бид харлаа. Заримынх нь тавьсан гүүр далайн гүнлүү шууд чиглэн, шигдэж орсон. Ашиг сонирхолыг нэгтгэхийн оронд тэд усруу үсрэн ордог. Энэ далайг сэлээд гатлах хүн нь нэгэнтээ усны амьтан болчихсон байдаг. Учир нь лусын эзэд тэднийг усны амьтад болсон цагт л аралд хүргэж өгөөд, идэш хүснэ. Энэ бол Монголын улс төр.
Монголын төрийн эрх мэдэл ийм л замаар явсаар байна. Хүн өөрөө эрх мэдэлд дурлах нь натурал өгөгдөл гэж үздэг хандлага бий. Энэ нь далайг нэг үсрэлтээр харайх, эсвэл сэлж гатлах гэсэн хялбар замд хүргэдэг. Жишээ нь, иргэний нийгмийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагууд ихэвчлэн засгийн газрыг огцруулах, УИХ-ыг тараах дээр нэгдэж очдог. Гэтэл засгийн газрыг огцруулах сонирхол нь дараагийн засгийн газрыг толгойлох сонирхолоос үүдэлтэй байдаг. УИХ тарах хууль эрх зүйн үндэс маш хатуу гэдгийг шаардлага хүргүүлэгчид ч мэдэж байгаа. Харин тарсан нөхцөлд магадгүй өөрсдөө эрх мэдэлд шууд хүрнэ гэж эндүүрдгийнх биз.
Монголд 90 жил орчим үргэлжилсан бюрократ тогтолцоо нь ардчиллын үед ч хадгалагдан үлдсэн. Яг үүн дээрээ суурилсан намын зохион байгуулалттай бөгөө энэ нь богино хугацаанд улс төрийн сэлгэлт хийх боломжийг хаадаг. Харин улс төрийн тавцнаас унасан лидерүүд нийгмийн нэг хэсэг болсон хүчнүүдийг татан, хамтардаг. Эдгээр хүчин зүйлс нь ашиг сонирхолоо нэгтгэж чадахгүй өдийг хүрсэн хүчнүүд эргээд үеэ өнгөрөөсөн олигархуудтай танхим нэгтгэхэд хүргэлээ. Энэ нь тэдгээр институтүүдийн зорилго нь “засгийн эрхийг авах” гэсэн ганц зангилаан дээр тогтож байгааг харуулж байна. Ийм зорилго дээр нэгдсэн нэгдлийг бид 1996 оны Монголын ардчилсан холбоо эвсэл, 2004 оны Эх орон-Ардчилал эвсэл, эдгээрийн дараах МҮАН-ын хуваагдлууд, МАХН-ын хуваагдах болсон учир шалтгаануудаас бэлхнээ харсан. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл, улс төрийн хамгийн их идэвхитэй байгаа генераци нь интитуцичилэгдээгүй, хамтын зорилго нь тодорхойгүй байжээ. Энэ нь тэдний хүчийг сулруулж, эрх мэдэлтнүүдтэй хүч тэнцүү өрсөлдөх боломжийг хааж, улмаар тэдэндээ уусан орох явдалд хөтөлсөөр байна. Шийдвэрийг дандаа олигархийн далайн дундаас эрх мэдэлд хүрсэн хүмүүс гаргаж байна. Мөн иргэний нийгмийн байгууллагууд, залуучууд улс төрийн гуравдагч хүчин гэгддэг намуудад элсэн орохгүй байгаа нь циркульяцийг тасалдуулж байна. Дээрх байдал нь тэдгээрийн хамтын зорилго нь улс орныг шинэчлэх биш, олигархуудыг унагах ч биш, өөрсдөө тэдний залгамж халаа болох сонирхолтой байсныг ч харуулж байгаа юм. Ингэхээр циркульяци явагдахгүй байсаар бугшсан, бухимдсан нийгэм бий болж тэсрэлт болох ч эрсдэлтэй байдаг. Гэтэл иргэдэд нөхцөл байдлыг өөрчлөх эрх зүйн үндэс бий. Өөрчлөлтийг зоригтой, итгэлтэй сонголтоор өөрчилж болно. Ингэж л циркульяци ядагддаг.
Ухаант хүү

No comments:

Post a Comment